Өндгөн шоколад ба бусад зөвлөмжүүд
23 оны өвөл. Компьютерынхоо ард нэг охин хүр хүр ханиалгаад, нус нулимстайгаа холилдчихсон сууна.
Сарын дотор 15, 16 америкийн их, дээд сургууль, коллежууд руу өргөдлөө явуулж, 10, 20 эсээ бичнэ гэдэг хүнийг тийм л болгодог юм билээ. Ёстой л 18 жил амьдарсан амьдралын замналаа бизнесийн питч хийх аятай тоочиж, цаашлаад өргөдөл дээрх хэдэн холбож нийлүүлсэн үгсээрээ ирээдүйн амьдралаа шийдэх гэж байгаа мэт дарамт ба стресс, Улаанбаатарын минь утаатай хавсраад тэр үед намайгаа хэвтэрт орох шахам ханиад хүргэж билээ. Гэлээ ч, ухаан алдаад уначихгүй л бол ард нь яаж ийгээд гарна гээд эсээгээ зүлгэн сууж байгаа дүр зураг нь тэр байсан юм. Ер нь одоо тэр үеийн өөрийгөө харвал цочих байх.
Гэхдээ энэ дүр зураг маш олон хүүхдүүдэд танил санагдаж байгаа байх.
Өөрсдөө ч бас яг л тэгж сууцгаасан байх, сууж байгаа байх. Ер нь сүүлийн жилүүдэд америкийн сургуульд руу өргөдлөө явуулах, тэгээд цаашлаад америкт суралцах гэдэг мөрөөдөл “тренд” болж хэдэн мянгаараа зарагддаг бараа шиг л зарагдаж байна. Энэ бүхнийг бодохоор Оройгүй Сүм зохиол санаанд ордог юм. Номон дээр өгүүлдгээр, лам хувраг болгож бурхны номд шимтэн тэрхүү эрдмийн оргил дээр гарна гэдэг тухайн үеийн Монголын нийгмийн “орой” байсан бөгөөд, тэр “орой”-д үр хүүхдээ гаргахын тулд эгэл нэгэн монгол айл бүх зүйлээ зориулна. Номын үйл явдал эрдэм сурахуйн гайхамшгийг гагц харуулах бус бүр мэдрүүлдэг ч, нөгөө талаас хувь хүмүүсийн болон нийгмийн түвшний туйлшралт гэдэг ямар аюултай вэ гэдгийг бас үзүүлдэг. Тэгвэл, одоо манай Монголд бас л адилхан дүр зураг ажиглагдаад байгаа мэт. Мэдээж, хөдөө хот гэлтгүй мянга мянган хүүхдүүд өөрсдөд нь ямар боломж байгаа гэдгийг мэдэж авсан нь сайн хэрэг ч, олон байгууллага, хувь хүмүүс түүнийг сурталчлахдаа хэт хөөрөгдүүлж, англиар бол romanticize хийгээд байгаа ч юм шиг.
Ерөнхийдөө энэхүү америкийн сургуулиуд руу хэн бүхэн өргөдлөө явуулах гэсэн туйлшрал сүүлийн хэдэн жил яаж өргөжиж, одоогийн хэмжээнд хүрэв гэдэг үнэхээр сонирхолтой судалгааны сэдэв болно доо. Би гэхдээ үүний талаар ярих гэсэнгүй. Өөрөө туулаад, өрөөлд туслаад, тэгээд одоо нэг эргээд, ухаарангуй харж байгаа хүний хувьд ойлгосон хэдэн юмаа буулгая гэж бодлоо. Энд бичсэн зөвлөгөөнүүд маань хэрэгтэй нэгэнд нь тус болоосой.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд олон хүүхдүүдтэй ярилцаж, зөвлөгөө өгөх явцдаа нэг зүйлийг анзаарсан юм. Ерөнхийдөө маш олон хүүхдүүд ижилхэн асуултууд асууж, ижил зүйл дээр тулгамдалтай байдаг юм байна. Тэр болгонд нь яг л зурагдсан пянз шиг дахин дахин хэлдэг зөвлөгөөнүүдээ нэг мөр энд буулгая гэж бодлоо. Тэгвэл, хамгийн түгээмэл асуудаг асуултаас эхэлцгээе.
Эсээгээ яаж бичих вэ?
Америкийн сургуулиудын өргөдлийн хамгийн гол хэсгүүдийн нэг бол эсээ. Өнөөх 18 жил амьдарсан түүхээ нэг бүрчлэн тоочих хэрэгтэй болдог хэсэг нь энэ. Жинхэнээсээ тэгж тоочихгүй ч, ахлах болон дунд сургуульдаа хийсэн хичээлээс гадуурх үйл ажиллагаа, олимпиад, тэмцээнд гаргасан амжилтаа, тэгээд мөн амьдралын түүхийнхээ тодорхой хэсгийг, чи хэн бэ, юу хийсэн, цаашид юу хийх зорилготой вэ гэдгээ бичих хэрэгтэй болдог.
Ерөнхийдөө, өргөдөлдөө тоочиж бичсэн шалгалтын оноо, хичээлээс гадуурх үйл ажиллагаа буюу бидний сайн мэдэх CV маягийн зүйлийг чинь эсээ “амь оруулж” өгдөг. Holistic Admission гэж америкийн өргөдлийн системийн гол амин сүнс нь энд оршиж байгаа гэсэн үг юм. Чамайг хэр сайн сурагч вэ гэдгээс гадна, юу бодож явдаг, юу хийж бүтээх хүсэлтэйг чинь бас харах гэж байгаа гэсэн үг.
Тэгвэл эсээтэй холбоотой өөрийнхөө зарим зөвлөгөөг доор хүргэе.
Өөртэйгөө танилцах
Хамгийн түрүүнд, эртнээс өөртэйгөө нүүр тулж, яг ямар зорилготой, юу хийхийг хүсэж байгаа хүн юм бэ гэдгээ сайн бодох хэрэгтэй. Би өргөдлөө бичиж байх явцдаа өөрийгөө тодорхой хэмжээнд олсон юм шиг санагддаг. Гэвч, их сургуульд ороод 1–2 жил болоход өөрөөсөө төөрөх мэт болсон ч, одоогоос бага багаар буцаад өөртэйгөө танилцсаар байх шиг. “12-р ангийн Анираа бараг одоогийн Анираагаас илүү суурьдаа ямар хүн, ямар мөрөөдөлтэй гэдгээ мэдэж явжээ” гэж их бодох болсон. 12-р ангид байхад мөрөөдөхөд хязгаар үгүй байсан юм шиг, одоо “жинхэнэ амьдрал” гээч зүйлийн жинд дарагдаж, хайрцаглагдах гээд байгаа ч юм шиг. Ямартай ч, эсээ бичих гэдэг үйл явцыг өөрийгөө олох үйл явц гэж бодож, зүгээр л нэг бичвэрээс илүү зүйл гэж хандвал илүү үр өгөөжтэй гэдгийг тухайн үедээ бичсэн зүйлс минь одоо ч надад үнэн санагдаж байгаа гэдгээс харж болох байх.
Унш, унш бас дахин унш
Яг бичих үйл явцдаа орохоос өмнө бусад хүмүүсийн эсээг сайн унших хэрэгтэй. Жишээ нь Harvard 50 essays гэсэн алдартай ном байдаг, тэрийг ерөнхийдөө гүйлгээд уншчихсан байхад их зүгээр. YouTube-д бас олон олон их сургуулийн сурагчид тэнцсэн эсээнүүдийнхээ талаар ярьсан бичлэгүүд оруулсан байдаг. Ерөнхийдөө personal statement, supplemental essays зэрэг нь ямархуу байдаг, яаж бичиж болдог гэдгийг олон эсээ уншиж байж л ойлгоно.
Нөгөө талаас, олон төрлийн ном их уншвал үгийн сан, найруулга зүйн мэдрэмж, цаашлаад сайн бичвэр иймэрхүү байдаг гэсэн ерөнхий төсөөлөлтэй болж, тэр хэмжээгээрээ бичих чадвар сайжирдаг гэж би боддог. Би багаасаа л ном унших их дуртай байсан (нэг жил цагаан сараар цуглуулсан мөнгөөрөө Азхур ороод баахан ном авч байсан сан). Уншихуйн амтанд орох их сайхан. Одоо харамсалтай нь их сургуулийнхаа ачааллаас болоод ном их уншиж амжихгүй байгаа бөгөөд, уншсан ч хичээлийнхээ (reading) даалгавраа хийж байгаа мэт уншиж, анализ хийх гээд байдаг болчихдог юм билээ.
Эсээний бүтэц
Өмнө нь ийм юм хийсэн → тэрнээсээ ийм зүйлийг ойлгосон, түүнээс хойн ингэж боддог болсон → тэгээд цаашид ийм зүйл сурч / хийхийг хүсэж байна.
Их сургуулиуд чамд тэтгэлэг өгч сургана гэдэг нь нэг төрлийн хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг гэдэг. Тиймээс ирээдүйн зорилготой, мөрөөдөлтэй, тэгээд түүнийхээ төлөө тодорхой зүйлсийг өөрийнхөө боломжийн хэмжээнд хийсэн хүүхдүүдийг хайдаг гэж би боддог. Тэгэхээр чи өөрийгөө яг л тийм сурагч гэдгээ эсээнүүддээ өөрийнхөө дуу хоолойгоор тусгаж харуулах хэрэгтэй.
Хэрвээ бичих санаа олоход хэцүү байвал найз нөхөд болон эргэн тойрныхоо чамайг сайн мэддэг хүмүүсээс “Намайг 3 үгээр тодорхойлбол юу гэх вэ?” гэх мэтээр асууж болно. Тэдний хариулт чамд санаа өгч магадгүй. Яг өргөдлөө бичиж байхад манай сайн найз маань надад “Анираа, нөгөө туулай, яст мэлхий хоёрын үлгэрийн яст мэлхий нь” гэж билээ. Би үнэхээр л аливааг эртнээс, бага багаар тууштай хийхийг илүүд үздэг, тэр нь ч надад таардаг хүн гэдгээ тухайн үед ойлгож байсан юм.
Миний Personal Statement:
Энэхүү эсээний агуулга нь үнэндээ их энгийн гэдгийг харж болно. Би дунд, ахлах ангийнхаа ихэнх хугацааг физикийн олимпиадад зориулсан бөгөөд, яг яагаад тэгэх болов гэсэн асуултын хариуг энэ эсээгээрээ тайлбарлахыг хичээсэн гэсэн үг. Гэвч зүгээр л физик надад сонирхолтой санагддаг болохоор би дуртай, тэгээд олимпиад болохоороо яг л puzzle/lego шиг санагддаг учраас дуртай гээд биччихвэл тийм ч сонирхолтой эсээ болохгүй, нөгөө талаас физик яагаад надад тэгж их таалагддаг гэдгийг бүрэн тайлбарлахгүй.
Тийм учраас эхлээд би өөр лүүгээ өнгийн харж эхэлсэн. Ер нь яагаад физикт дуртай болов? Багаасаа би ямар хүүхэд байсан билээ гэж их бодсон. Тэгтэл манай ээж нэг удаа “Анираа багадаа өндгөн шоколаданд зөндөө дуртай байсан, дотроос нь гарч ирсэн тоглоомыг зааврыг нь харахгүй, шууд эвлүүлчихдэг байж билээ” гэж магтангуй ярьж байсан нь санаанд орсон юм. Тэр өндгөн шоколаднаас гардаг тоглоом нь тийм ч эвлүүлэхэд хэцүү зүйл биш л дээ. Хүүхдэд зориулсан учраас ер нь л амархан эвлүүлэгддэг, тэгээд бүгд тодорхой зүй тогтолтой байсан болохоор хэд хэдийг эвлүүлээд л хүүхэд бол дөнгийг нь олчихно.
“I would find that unfamiliarity was a sum of familiar parts”
Тэгээд эндээс “зүй тогтол” гэдэг санааг өлгөж аваад, физикийн олимпиадын бодлого бодох чинь төстэй юм байна гэдгийг ойлгосон юм. Физикийн олимпиадын бодлогууд ерөнхийдөө хэдэн төрлийнх байдаг. Тэгээд олон олон бодлого бодох явцдаа тухайн бодлогын доторх “зүй тогтол”-ыг олж харж сураад, дараа нь олимпиадад ирсэн шинэ бодлогыг яг л нөгөө өндгөн шоколаднаас гарч ирсэн, огт харж байгаагүй тоглоомыг эвлүүлж байгаа юм шиг эвлүүлэн боддог.
“But when I read it, I see the Kinder Toys all over again: the familiar pieces in the form of equations and theories, the comforting patterns in the shape of problem structures and symmetries of physics concepts. The exciting unpredictability of olympiads and the same method of breaking down to familiarity.”
Цаашлаад, тэдгээр бодлогуудыг бодсоноор физикийн хууль, томьёонуудыг улам сайн ойлгож, түүнийг дагаад хорвоо ертөнц арай дотно, илүү ойлгомжтой болж эхэлж байсныг бас тусгасан.
“This puzzle of a world takes a more familiar shape.”
Гэхдээ миний олимпиадаас гадна дуртай хийдэг байсан зүйл маань физик, математик заах, давтлага өгөх байсан юм. Физик сурахад мэдрэгддэг тэр гоё мэдрэмжүүдийг бусад хүүхдүүд ч гэсэн мэдрээсэй, тэгээд тийм боломжийг нь олгох юм сан гэж одоо ч бодож явдаг. Тэрийгээ багадаа нөгөө Kinder Eggs-ээс гаргаж ирсэн тоглоомуудаараа хэрхэн тоглодог байсан үетэйгээ холбож бичсэн юм.
Нэлээн удаан айлын ганц байсан болоод ч тэр үү, би ганцаараа их тоглодог хүүхэд байж л дээ. Тэгэхдээ өнөө тоглоомуудаа урдаа өрж тавиад, амандаа баахан юм бувтнаад байдаг байсан гэж ээж хэлдэг байсан. Гаднаасаа инээдтэй (магадгүй бас санаа зовмоор) харагдаж болох ч, үнэндээ бол дотроо бараг бүхэл бүтэн кино бичээд сууж байгаа дүр зураг нь тэр. Багадаа үзэх дуртай байсан Toy Story, Lion King гээд кинонуудын үйл явдлаас санаа авч, нөгөө тоглоомуудаа дүрүүд нь болгоод янз янзын үйл явдал зохиож тоглодог байлаа. Тэгээд тэрийгээ физик заахтай холбосон нь, физикийн хичээл заана гэдэг нь нэг талаасаа зохиол, түүхийн хичээл болдог. Өмнө нь хүмүүс энэ үзэгдлийг юу гэж ойлгодог байсан, тэгээд хэдэн онд хэн яаж ийм онол гаргасан гээд л. Сайн багшийн хичээлд суух нь баримтат кино үзэж байгаа юм шиг санагдах үе ч бий. Цаашлаад би өөрөө ойлгохдоо ч, хүүхдэд заахдаа ч аль болох зүйрлэл ашиглахыг хичээдэг байснаа бас оруулсан.
“In my story, electric currents are a flowing queue of people; an excited atom is a sugar-high child. “
Товчхондоо бол Kinder Eggs-тэй холбоотой өөрийн бага насны дурсамжуудаараа эсээгээ баяжуулж, физикт яагаад дуртай болсноо буулгасан нь энэ. Мөн бичвэр, найруулгын хувьд маш их анхаарч бичиж байсан. Эсээнийхээ туршид “эхэнд дурдсан зүйлээ сүүлд нь дахин дурдах, гэхдээ түүнийг арай өөр утга, context-д оруулах” гэсэн дүрмийг аль болох ашиглахыг хичээсэн. Тэр нь familiarity гэдэг үг, мөн Kinder Eggs-тэй холбоотой үгнүүд юм.
Supplemental essay:
Personal statement-ээс гадна сургуулиуд бас ийм жижгэвтэр (үгийн тоо нь 150-400 хавьцаа) эсээнүүдийг шаарддаг. MIT, UC-гийн сургуулиуд бол бүр Personal Statement асуухгүй, харин хэд хэдэн supplemental essay-ийн хэмжээтэй эсээнүүдийг асуудаг. 10, 20 сургууль руу өргөдлөө явуулж байгаа тохиолдолд бүгдийг нь нэг нэгээр нь шинээр бичнэ гэвэл бүтэхгүй. Харин, Supplemental essay-нууд ерөнхийдөө 4–5 түгээмэл асуулт сэдвийн хүрээнд байдаг бөгөөд, төрөл бүр дээр нь чанартай хэдэн эсээ бичсэн байхад тэднийг дахин дахин ашиглаад явна гэсэн үг.
Зарим түгээмэл асуудаг сэдвүүд гэвэл:
Why us буюу яагаад манай сургууль руу өргөдлөө явуулах болов? гэсэн асуулт. Энэ эсээг бичихийн тулд ерөнхийдөө маш сайн судалгаа хийх хэрэгтэй. Би сургуулиудынхаа физикийн тэнхимийн website-ийг их ухаж, тэндээс олсон янз бүрийн program-уудыг эсээндээ оруулдаг байсан. Гэхдээ энэ эсээгээ сургуулийн талаар 100% болгохгүй байх хэрэгтэй, үгүй бол сургуулийн танилцуулга шиг болчих гээд байдаг юм билээ. Тиймээс, ямар нэг хөтөлбөр, хичээл, профессорын талаар бичиж байгаа бол, өөрийнхөө талаас яагаад тэр боломж нь таалагдаж байгаа билээ, яагаад чамд тохирч байгаа билээ гэдгийг сайн бичих хэрэгтэй гэсэн үг.
Community буюу чиний хүрээллүүд чамд яаж нөлөөлсөн бэ? Хүрээлэл гэдэг бол гэр бүлээс авхуулаад ангийн хамт олон, сургуулийн клуб, цаашлаад олимпиад, спортын баг гээд нийгмийн бүхий л түвшинд чамайг хүрээлж буй хүмүүсийг хамарсан ойлголт юм. Тэдгээр нь бүгд чамд тодорхой хэмжээнд нөлөөлж, одоогийн чамайг бүтээсэн. Гэхдээ заримдаа хүүхдүүд олон хүрээллийнхээ талаар бичих хэрэгтэй болдог. Тэгвэл эдгээрээс сурсан сургамж зэргээ бүгдийг нь жагсааж бичихээс илүү, хооронд нь ямар нэгэн байдлаар холбож бичих хэрэгтэй. Тухайн үед Columbia сургууль руу явуулж байсан (likely letter аваад John Jay Scholar болж байсан санагдаж байна) эсээндээ би өөрийнхөө хүрээллүүдийг Venn Diagram ашиглан тайлбарлаж байсан юм.
Why this major/ Interesting idea or concept. Яагаад мэргэжлээ сонгох болсон, эсвэл чиний сонгосон чиглэл дотор чамд маш сонирхолтой санагддаг сэдэв, ойлголт юу вэ гэдэг асуулт. Би тухайн үедээ манай олимпиадын багшийн маань хичээл дээрээ хальт тайлбарлаж байсан, үнэхээр сонирхолтой бас инээдтэй ч юм шиг тийм зүйлийн талаар бичиж байсан юм.
Civic engagement буюу нийгэм, хүрээлэлдээ тустай зүйл хийж байсан туршлага. Олон сургуулиуд нийгэмдээ тустай юм хийх хүсэлтэй хүүхдүүдийг хайдаг нь энэ эсээнээс харагддаг юм шиг. (Гэхдээ харамсалтай нь, ийм зүйл бичиж орсон хүүхдүүд яг тэр зорилгоороо явдаг нь ховор байдаг юм билээ. Princeton-д тэр шилжилтийг нүдээрээ харж, мэдэрсэн.) Princeton-ийн уриа (motto) л гэхэд In the Nation’s Service and the Service of Humanity, буюу “Эх орон болон хүн төрөлхтний төлөө” гэсэн ерөнхий утгатай уриа байдаг.
Энэ эсээний ерөнхий бүтэц нь: чи эргэн тойрондоо, нийгэмдээ ямар асуудал харсан, түүнийг шийдэхэд ямар хувь нэмэр оруулсан, эсвэл оруулахыг хичээсэн, түүнийхээ дагуу яг юу хийсэн, тэгээд түүнээсээ юу ойлгож авсан, цаашлаад чиний ирээдүйн зорилгод яаж нөлөөлсөн гэдэг байдлаар бичнэ.
Эдгээрээс өөр зөндөө олон асуулт, сэдвүүд мэдээж бий. Хамгийн гол нь, нэг сургууль руу явуулсан эсээнүүддээ нэг ярьсан зүйлээ дахин дахин яг адилхан байдлаар давтахгүй л байх хэрэгтэй.
Бичвэрийн хувьд:
Show, not tell. Энэ санааг үнэндээ яаж тайлбарлахаа би одоог хүртэл сайн ойлгоогүй л байгаа. Ерөнхийдөө “this shows I am a…” эсвэл “I am a…” гэдэг эхлэл бол сайн санаа биш. Чи харуулах гэдгээсээ илүү “би ийм мундаг хүн” гэж л “попроод“ бичээд байгаа гэсэн үг. Жишээ нь би эсээгээ бичихдээ “би юмны цаад учрыг ойлгох дуртай” гэж шууд бичээгүй, харин түүнийгээ бичсэн зүйлсээрээ харуулахыг зорьсон.
Struggle буюу ямар нэг хүнд, хэцүү зүйлийг давж гарснаа бичих гэж байгаа бол: хамгийн ихдээ 30%-д нь л тэр давж гарсан зүйлийг, харин дийлэнх хэсэгт нь түүнийг яаж давсан, юуг ойлгосон, цаашид юу хийхийг хүсэж байгаагаа бичих хэрэгтэй. Юуны талаар хэр их бичсэнээ харахыг хүсвэл color code хийх буюу, нэг хэсгийг нь улаанаар, нөгөөг нь ногооноор гэх мэт байдлаар тэмдэглээд, эцэст нь баримжаалан харж болно.
On polishing your essays: Эсээгээ найруулга зүйн талаас нь сайжруулахдаа эхнээс нь уншаад, хэсэг бүр дээр “энэ санаа давтагдаж байна уу?”, “ерөнхий, cliché өгүүлбэр байна уу?”, “хасаад уншаад үзвэл болж байна уу, үгүй юу?” гэсэн асуултуудыг өөрөөсөө байнга асуух хэрэгтэй. Үгийн тоо багатай эсээний хувьд ялангуяа үг, үсэг болгон үнэтэй болдог. Киноний секунд бүр асар их төлөвлөлтийн дүнд бүтдэг, тэр бүр нь тухайн киноны үйл явдал, утга санаа, эсвэл үзэгчийн сэтгэлзүйд нөлөөлж байдаг шүү дээ, яг түүнтэй л адил.
Дүгнэж хэлэхэд, хөдөөгийн бартаатай замаар явах ямар байдаг билээ, тэндээс сая нэг засмал зам руу ороход ямар гоё санагддаг билээ. Чиний эсээ яг л засмал зам шиг байх ёстой. Эргэлт бүр нь зорьсон газарт чинь хүрэх хамгийн дөт боловч харууцтай замыг үүсгэх хэрэгтэй. Өгүүлбэрийн бүтэц, гаргасан санаануудын холбоо за тэгээд наад захын дүрэм муутай эсээ бол бартаатай замаар явж байгаа юм шиг л санагддаг.
Яаж тэтгэлэг авах вэ? Та 100%-ийн тэтгэлэгтэй сурдаг уу?
Энэ ёстой хамгийн их ташаа ойлголттой байдаг сэдэв. Маш олон хүүхэд болон эцэг эхчүүд ер нь financial aid буюу санхүүгийн дэмжлэг, scholarship буюу тэтгэлгийн ялгааг сайн мэддэггүй юм билээ. Тэгээд хамгийн ноцтой нь, маш олон college preparation program-ууд энэ төөрөгдөл дээр тоглолт хийдэг юм шиг санагдсан.
Financial Aid буюу санхүүгийн дэмжлэг.
Америкийн Ivy League болон ихэнх топ сургуулиуд сурагчдадаа ар гэрийн санхүүгийн байдлаас нь хамааран санхүүгийн дэмжлэг олгодог. Хэрвээ чи тэр сургуульд тэнцсэн л бол төгсөн төгстлөө дэмжлэг авах бөгөөд, чиний болон гэр бүлийн чинь санхүүгийн байдал жилдээ хэр их өөрчлөгдөхөөс хамааран дэмжлэгийн хэмжээ нэмэгдэх эсвэл буурах тохиолдол бий. Манай Princeton бол санхүүгийн дэмжлэг (financial aid) олгодог бөгөөд жил бүр шинэчилж тооцдог. Миний хувьд сургалтын төлбөр, байр, хоолонд бараг зардал гаргахгүй сурдагтаа маш их баярлаж явдаг.
Scholarship буюу бидний мэдэх тэтгэлэг.
Их олон сургууль тэтгэлэг өгдөг. Ихэнх тохиолдолд хүүхдүүдэд ерөнхийдөө өгдөг financial aid-ийн хэмжээнд хүрэхгүй үлдэх зардлыг нөхөхийн тулд scholarship-т тусад өргөдлөө явуулдаг бол зарим сургуулиуд гадаад оюутнууддаа огт санхүүгийн дэмжлэг олгодоггүй, зөвхөн тэтгэлэг олгодог тохиолдол бий. Жишээ нь, би Duke Kunshan-д apply хийж байхдаа тусдаа тэтгэлгийн эсээ бичиж явуулах ёстой байсан санагдаж байна.
Тэгэхээр чиний өргөдлөө явуулах гэж буй сургууль чинь тэтгэлэг өгдөг үү, эсвэл санхүүгийн дэмжлэг өгдөг үү, тэгээд нэмээд гадаад оюутнуудад ялангуяа яадаг юм байна гэдгийг нь сайн харах ёстой гэсэн үг. Сургуулиуд жилд дунджаар хэр их тэтгэлэг өгдөг, тэнцсэн хүүхдүүдийн дундаж SAT оноо зэрэг мэдээллийг нь тухайн сургуулийн Common Data Set(CDS) -ээс нь харж болдог. Энэ вэбсайт дээр бараг бүх сургуулийн CDS нээлттэй хэлбэрээр байгаа. Ийшээ орж үзвэл тэр бүх мэдээллийг их гоё цогц болгоод харуулсан байдаг юм байна. Мөн College Essay Guy CDS-г дэлгэрэнгүй тайлбарласан байдаг.
SAT-дээ яаж бэлдсэн бэ?
Би бол SAT-дээ 10-р ангиасаа бэлдэж эхэлж байсан. Гэхдээ өдөр шөнөгүй нүдсэн гэсэн юм бол байхгүй. Khan Academy гээд боловсролын вэбсайт дээр SAT prep гэсэн хэсэг байдаг. Түүн дээр тухайн үед өдөр бүр 10 асуулт хийдэг байсан (өдөр бүр ижил цагт сануулга ирүүлж болохоор тохируулж болдог байсан тул их амар). Тийнхүү бэлдсээр 11-р ангид анх өгөхөд 1470 авч байсан бөгөөд, тэрнээс хойш дахин хоёр удаа өгөөд, эцсийн байдлаар 1580 авсан. Khan Academy анхан бэлдэж эхэлж байгаа хүнд их зүгээр санагддаг. Тэгээд нэг дөнгийг нь олсны дараа Erica Meltzer гэх зохиолчийн номууд, цаашлаад Reddit-ээс ухаж бэлдэх материал олж бэлдвэл зүгээр санагдсан. Гэхдээ намайг өгч байсан үед SAT нь paper-based буюу бичгийн хэлбэрээр байдаг байсан болохоор одоо өөр зөндөө гоё бэлдэх материалууд гарсан байх.
Юуны түрүүнд Mock Test буюу жишиг тест сайн хийх хэрэгтэй. Өөрийгөө хамгийн гол нь хуурч л болохгүй. Би шалгалт товлогдсон хугацаанаасаа нэг сар гаруйн өмнөөс эхлэн хагассайн өдөр бүрийн өглөө болгон 9-өөс яг цаг тавьж бүтэн тест хийдэг үе ч байсан. Манай Princeton-ий нэг найз одоо ч гэсэн тэгж бүх шалгалтдаа бэлддэг, тэрнийх нь ч үр дүн нь дүнгийн голчоос нь харагддаг.
SAT-д сайн бэлдээд махaa зулгаачихсан байхад, TOEFL / IELTS бол асуудалгүй санагдсан. Би хоёр долоо хоногийн турш ерөнхий эсээ бичвэр болон ярианы хэсгийнх нь хэлбэр бүтэц дээр нь сайн анхаарч бэлдээд 115/120 авч байсан. TOEFL, IELTS алийг нь өгөх вэ гэж бодож байвал тус бүрийнх нь онцлогтой танилцах хэрэгтэй. Хамгийн том ялгаа нь ярианы тест хэсэг нь бөгөөд, IELTS бол хүнтэй ярилцаж шалгуулдаг, TOEFL бол яриагаа бичүүлээд шалгуулдаг л ялгаатай.
SAT оноо явуулах уу, үгүй юу?
Энэ талаар хүүхдүүд бас их асуудаг. COVID-оос хойш маш олон сургууль test-optional болсон буюу SAT оноог шаардахаа больсон юм. Гэсэн хэдий ч, хэдэн жилийн дараанаас MIT тэргүүтэй их сургуулиуд буцаад заавал шалгалтын оноо явуулахыг шаарддаг болсон. Princeton ч мөн адил 2028 оноос SAT оноо шаардах болсноо саяхан зарласан.
CollegeBoard-ийн судалгаагаар, тест оноо нь тэр сурагчийн коллеж дахь академик амжилтыг урьдчилан таамаглах чухал хүчин зүйл болохыг тогтоосон байна. Тэгэхээр, чадалтай л бол оноогоо явуул гэж би зөвлөнө. Гэхдээ мэдээж энэ шалгалт харьцангуй үнэтэй тул санхүүгийн боломжоо сайн тооцоолох хэрэгтэй.
Миний бодлоор бол, SAT-д бэлдэж өнгөрүүлсэн хугацаа чинь тэр чигээрээ чамайг их сургуульд бэлтгэдэг гэж боддог. Их сургуульд ороод SAT Reading байтугай хүнд бичвэрүүдийг уншиж ойлгох хэрэгтэй болдог. Тэр үед бол SAT-д бэлдсэн туршлага чинь чамайг жаахан ч гэсэн хэрэг болно.
(Гэхдээ жаахан л. Миний хувьд бол тиймэрхүү их юм уншдаг хичээлүүддээ хоёр жилийн дараагаас л нэг дөнгөтэй болж байсан шүү.)
Extracurriculars гэж юу вэ? Volunteering юм уу?
Хичээлээс гадуур хийдэг бүх зүйл чинь extracurriculars буюу хичээлээс гадуурх үйл ажиллагаанд орно. Би тухайн үед 2 настай байсан дүүгээ тогтмол хардаг байсан тул тэрийгээ ч оруулж байсан. Common App дээр
Өөр зөвлөгөө?
Recommendation letters-ээ эрт асуугаарай. Counselors, recommendation letter бол нөгөө юм хийснийг чинь checkхийдэг гэсэн үг.
Early-гаар явуулсан ч RD application-оо хийж байгаарай, үүн дээр би хамгийн том алдсан. Ямар нэг sheet ашиглаад юмаа цэгцтэй байлгаарай.









ᠶᠣᠰᠤᠲᠠᠢ ᠭᠡᠷᠡᢉᠲᠡᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠳ ᠢ᠋ ᠦᠨᠡᢉᠡᠷ ᠴᠡᢉᠴᠡ ᠲᠡᠢ ᠪᠢᠴᠢᠵᠡᠢ᠃ ᠡᢉᠢᠨ ᠳ᠋ᠦ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠬᠡᠰᠡᠭ ᠶᠠᠭ ᠯᠠ ᠵᠠᠭᠲᠠᠨᠠᠭᠰᠠᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠮᠠᠭᠠᠵᠢᠬᠤ ᠰᠢᠭ ᠪᠣᠯᠤᠯᠠ᠃ ᠪᠠᠶᠠᠷᠯᠠᠯᠠ᠃
A superb read and welcome to Substack!